Олон улсын болон үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, бүтэц

Кембриж хөтөлбөр ба сургалтын тогтолцоо

Орхон Эмпати сургууль нь боловсролын үйлчилгээний таатай орчинг бүрдүүлэн сурагчдынхаа хүмүүжил төлөвшил, сурлагын ахиц амжилтад онцгой анхаарч, ач холбогдол өгөх, харилцан итгэлцэл бүхий харилцааг эрхэмлэдэг. ЕБС-ийн суурь, бүрэн дунд боловсролын стандарт хөтөлбөрийн дагуу ерөнхий эрдмийн хичээлүүдийг судалж, мэргэжлийн өндөр ур чадвартай монгол, гадаад багш нарын баг хамт олон ажилладаг нь сурагчдын сурлагын амжилтад нөлөөлж аймаг, бүс, улс олон улсын чанартай олимпиадуудад математик, физик, хими, биологи, нийгмийн ухаан, монгол хэл, түүх, газар зүйн хичээлүүдээр тогтмол эхний байруудыг эзэлсээр ирсэн.

Сурагчдынхаа гоо зүйн мэдлэг, урлаг соёлын боловсрол олгох, авьяас чадварыг нь нээн хөгжүүлэх зорилгоор бийрэн бичлэг, шатар, роботикс, ширээний теннис, сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг, нийгмийн халамж, илтгэх урлаг, яруу найргийн клуб дугуйланг хичээллүүлдэг. Сурагчид дотуур байранд цагийн хуваарийн дагуу амьдарснаараа бие даан суралцах, багаар ажиллах, хичээл хийх, давтах арга барилыг онцгой эзэмшиж чаддаг зэрэг нь сурагчдын сурлагын амжилтад сайнаар нөлөөлдөг.

Орхон Эмпати сургууль нь орон нутагтаа анхлан Олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Олон улсын Кембрижийн хөтөлбөртэй Орхон-Эмпати сургууль нь 2024-2025 оны хичээлийн жилд 42 мэргэжлийн үндсэн багштай бөгөөд Монгол-35, гадаад багш 7 /Казакстан, Киргизстан, Фижи, Тажикстан, Пакистан/ хичээл сургалтын үйл ажиллагааг амжилттай чанартай явуулж байна. 6-12-р ангийн 23 бүлэгт 299 эмэгтэй сурагч (53.3%), 262 эрэгтэй (46.7%) нийт 560 сурагч суралцаж байна. Олон улсын Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр Математик, Англи хэл, Шинжлэх ухаан, Мэдээлэл зүй, Бизнес судлал, Дэлхийн чиг хандлага хичээлүүд олон улсын хөтөлбөрөөр англи болон монгол хэл дээр, Монгол хэл, Монгол бичиг, Уран зохиол, Нийгэм судлал, Газарзүй, Дизайн Технологи, Зурагзүй, Дүрслэх урлаг, Түүх, Дуу хөгжим, Иргэний ёс зүйн боловсролын хичээлүүд Монгол улсын цөм хөтөлбөрийн хүрээнд монгол хэл дээр явагддаг.

Жил бүр сургуулийн захирлын дэргэдэх зөвлөл, ЗАН-ийн ахлагч, мэргэжлийн багш нар болон нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, хүүхэд төлөвшлийн ажилтан, ажилчдынхаа тайлан, санал хүсэлтийг авч тухайн хичээлийн жилийнхээ үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлж ирсэн. Сургалтын төлөвлөгөөг жил, сар, улирлаар гарган сар, улирал тутамд биелэлт, үр дүнг тооцож, захирлын дэргэдэх зөвлөлд, багш нарын зөвлөлийн хуралд тайлагнан ажиллаж ирлээ. Тухайн цаг үеийн болон тулгамдсан асуудлаар тухай бүрд нь тусгай төлөвлөгөө, үйл ажиллагааны удирдамж чиглэл боловсруулан ажиллаж, үйл ажиллагаандаа дотоод хяналт шинжилгээ өөрийн үнэлгээ хийж, ажиллаж байна.

A/511 тушаалын хэрэгжилт, үр дүн: Хичээл сургалтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулан, хяналт тавин ажиллах Англи хэл, Монгол хэл, Математик, Байгалийн ухаан, Хүмүүнлэгийн ухаан гэсэн 5 заах аргын нэгдэлтэй.